1. СТС-ийн зээлийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургуульд суралцахад заавал 2 жилээс доошгүй хугацаанд ажилласан байх ёстой юу?

Тиймээ, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан байх шаардлага тавигддаг. Таны ажилласан жилийг зөвхөн нийгмийн даатгалын дэвтрээр баталгаажуулна. /Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 11 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам”-ын 1 дүгээр зүйлийн 4-т заасан тавигдах шаардлагыг судлана уу/

  1. Ажилласан жил гэдэгт хувиараа нийгмийн даатгал төлснийг оруулж болох уу?

Журамд мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан гэж заасан тул таны хувиараа төлсөн нийгмийн даатгалыг мэргэжлээрээ ажилласан жил гэж үзэх боломжгүй юм.

  1. Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр суралцуулах тэтгэлэгт хэдэн төгрөгийн зээл олгодог вэ?

Дэлхийн шилдэг их, дээд сургуулийн бакалаврын сургалтад суралцах суралцагчид тухайн мэргэжлээр суралцах хугацаанаас хамааран 4-5 жил зөвхөн сургалтын төлбөрийг /амьжиргаа, байр, хоол болон бусад зардал орохгүй/ олгоно. Магистрын сургалтад суралцах суралцагчид нэг жилд 16000 ам.долларыг 2 жил хүртэл, докторын сургалтад суралцах суралцагчид 16000 ам.долларыг 3 жил хүртэл хугацаагаар олгоно.

  1. Бүрдүүлэх баримт бичгийг англи эсвэл монгол хэл рүү орчуулах шаардлагатай юу?

Тухайн оролцох сонгон шалгаруулалтын зарлалд ямар нэг хэл дээр орчуулж хавсаргах тухай заагаагүй бол та монгол хэл дээр хавсаргана гэсэн үг. Ямар нэг гадаад хэл дээр орчуулах шаардлагатай бол зарлалд заавал дурдсан байдаг. Харин таны боловсролын баримт бичиг монгол хэл дээр биш бол та монгол хэл рүү орчуулах шаардлагатай эсэхийг мөн л зарлалаас харах шаардлагатай. Ихэнх тохиолдолд монгол хэл дээрх албан ёсны, нотариатаар баталгаажуулсан орчуулга хавсаргахыг шаардсан байдаг.

  1. БНХАУ, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг хэзээ зарлагдах вэ?

Жил бүр БНХАУ-ын Боловсролын яамнаас тэтгэлгийн тухай мэдээллийг шинээр ирүүлдэг. Энэ мэдээлэл ихэвчлэн III сард ирдэг. Энэхүү мэдээллийг хүлээн авснаар тус яам энэхүү тэтгэлгийн зарлалыг цахим хуудсандаа байршуулдаг. БНХАУ-аас мэдээлэл хүлээн авах хүртэл тус яам энэ тэтгэлгийн зарлагдах хугацааг мэдэх боломжгүй. Иймд та яамны цахим хуудсыг тогтмол шалгаж шинэ тэтгэлэг бүрийн мэдээллийг авах нь зүйтэй. ОХУ-ын тэтгэлэг мөн үүнтэй ижилхэн. ОХУ-аас мэдээлэл хүлээн авсан цагт яамны цахим хуудсанд мэдээлэл тавигдана. Эдгээр тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг БНХАУ-аас томилогдсон ажлын хэсэг, Оросын шинжлэх ухаан, соёлын төв зохион байгуулдаг.

  1. Гадаадад суралцаж буй иргэн Сургалтын төрийн сангийн тэтгэлэгт хамрагдах боломжтой юу?

Сургалтын төрийн сангийн тэтгэлгийн тавигдах шаардлагыг хангаж байгаа тохиолдолд гадаад суралцаж буй иргэн тэтгэлэгт өргөдөл гаргах боломжтой. Тэтгэлгийн болон бүртгэлийн шаардлага хангаж буй тохиолдолд тухайн иргэний ярилцлагын шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулдаг. Иймд та өргөдлөө бүрэн зөв хугацаанд бөглөх хэрэгтэй.

  1. Цахим бүртгэл хийгдэх хугацаанд миний сургуулийн урилга ирж амжихгүй байна. Яах вэ?

Бүртгэлийг зөвхөн зарлалд дурдсан хугацаанд хийх бөгөөд энэ хугацаанд бүрэн зөв өргөдөл гаргасан иргэд сонгон шалгаруулалтад оролцох боломжтой.

  1. Сургалтын төрийн сангийн зээлд хамрагдахын тулд ямар баримт бичгүүд бүрдүүлэх вэ? Энэ тухай ямар тогтоол, журамд заасан байдаг вэ?

Засгийн газрын 19-р тогтоолд заасны дагуу дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

Суралцах сургуулийн урилга, данс, нэхэмжлэх

Боловсролын баримт бичгийн баталгаажуулсан хуулбар

Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар

Үл хөдлөх хөрөнгийн барьцаалсан эсэх лавлагаа

Хэрвээ барьцаалах гэж буй үл хөдлөх хөрөнгө нь суралцагчийн эзэмшлийнх биш бол тухайн эзэмшигчээс нь итгэмжлэл авах

Гадаадад суралцаж байх хугацаанд нь суралцагчтай холбоотой асуудлаар СТС-тай харилцах, түүний бичиг баримтыг өгөх авах, гэрээг сунгах асуудлаар суралцагчийг бүрэн төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилсон итгэмжлэл

Хувийн өргөдөл

Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар

3*4 хэмжээтэй цээж зураг 1 хувь

Визны хуулбар

Нуруутай хавтас 1 ш

  1. Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтэд хамрагдсан иргэн зээлийг хэрхэн эргэн төлөх вэ?

Сургуулиа амжилттай төгсөж ирээд эх орондоо 5 буюу түүнээс дээш жил тогтвор сууршилтай ажилласан иргэн зээлээс бүрэн чөлөөлөгдөнө.

Харин заасан хугацаанд сургалтаа дуусгаж эх орондоо ирээгүй, гадаадад суурьшсан, сургалтын төрийн санд төгссөн эсэх мэдээллээ ирүүлээгүй иргэн зээлийг буцааж төлнө.

  1. Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилт олгох гэрээг нэг удаа байгуулдаг уу? Жил бүр сунгах шаардлагатай юу?

Нэг удаа байгуулна. Тушаалд заасан хугцаанаас хамаараад жил бүр сунгана. Сунгахдаа тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн нэхэмжлэх, сургуулийн дансны мэдээлэл, дүнгийн жагсаалт, гэрээний эх хувийг өөрийн биеэр эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө ирүүлнэ.

Сангийн тэтгэлэгт хөтөлбөрүүд

БНСУ-ын ИЛВҮҮ сан

Боловсролын зээлийн сан

Роснефть компанийн тэтгэлэг

Солилцооны хөтөлбөрүүд

ОХУ Багш солилцооны хөтөлбөр

БНСУ Багш солилцооны хөтөлбөр

Сурагч солилцооны хөтөлбөр